Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Энэ сарын эхний арав хоногт агаарын дундаж температур Их нууруудын хотгорын сумдаар 21.5-27,4 градус хүйтэн, Алтайн өвөр говийн сумдын нутгаар 10.8-14.8 градус хүйтэн, Өндөр уулын сумдаар 12.4 -23.8 градус хүйтэн байлаа. Агаарт хамгийн дулаан нийт нутгаар өдөртөө -17 градус хүйтнээс +4 градус дулаан, хамгийн хүйтэн нийт нутгийн сумдын нутгаар шөнөдөө 21-36 градус хүрч хүйтэрлээ. Энэ арван хоногт Их нууруудын хотгорын болон Өндөр уулын бүсийн сумдын нутгаар хүйтний эрч чангарсан, жиндүү хүйтэн байсан ба агаарт -30.0 градусаас доош орж 3-8 хоног ажиглагдсан байна. Хамгийн олон хоног Эрдэнэбүрэнд 8 хоног ажиглагдсан. 10 хоногийн сүүлээр хүйтний эрч бага зэрэг суларсан.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 12-28 градус хүйтэн байсан. Хөрсөн дээр хамгийн дулаан өдөртөө 12 градус хүйтнээс 18 градус дулаан байсан бол хамгийн хүйтэн шөнөдөө 25-38 градус хүрч хүйтэн хоносон. Хөрсөн дээр -40.0 градус хүрч хүйтэрсэн хоногийн тоо ажиглагдаагүй.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт Алтай, Булган, Үенч сумдын нутгаар 1.3-4.4 мм тунадас орлоо. Бусад сумдын нутгаар цас ороогүй.
Салхи(Wind): Энэ 10 хоногт нийт нутгаар тогтуун, салхи шуурга багатай байв. Салхины хамгийн их хурд Мөнххайрхан суманд секундэд 15 метр, Дуут суманд 14 м/с, Ховд суманд 18 м/с хүрч зөөлөн цасан болон явган шороон шуурга шуурсан байна. Бусад сумдын нутгаар 2-6 м/с тогтуун салхитай байлаа.
Цас(Snow): 2 дугаар сарын 10-ны цасны хээрийн хэмжилтээр Булган, Алтай, Үенч, Зэрэг, Дарви, Эрдэнэбүрэн, Манхан, Мянгад, Ховд сумдад битүү 10 баллын 1-23 см зузаан цастай, Эрдэнэбүрэн, Үенч, Алтай сумдад цасны нягт 0.06-0.21 г/см3 байна. Гуу жалгандаа 20-40 см, ууландаа 60-80 см зузаан цастай байна. Жаргалант, Чандмань, Дөргөн, Мөст, Цэцэг сумдад 0-2 см зузаан, 5-9 баллын цасан бүрхүүлтэй байна. Мөнххайрхан, Дуут сумын нутгаар цасан бүрхүүлгүй байна. Их нууруудын хотгорын сумдын нутагт уулаараа 3-6 см, шуурч хунгарласан гуу, жалга газраа 15-20 см, нам дор газраа 0-3 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Алтайн өвөр говийн сумдаар гуу жалга хунгарласан газраа 20-30 см ууландаа 40-60 см зузаан цастай байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад муудсан, сульдсан, тарга тэвээрэг муутай малд нэмэгдэл тэжээл өгөх,отор нүүдэл хийх мал өвөлжилт хаваржилтын бусад бэлтгэл ажил үргэлжлэн явагдаж байна. Сумдын малчид өөрийн аймгийн зарим сумдын нутагт отроор очиж өвөлжиж байна. Мөн 10 хоногийн сүүлээр Алтайн өвөр говийн сумуудад цас нэмж орж малын бэлчээрлэлт хүндрэх зудын байдалтай байна. Цаг агаарын байдал 2 дугаар сарын эхний арав хоногийн эхээр томоохон нуур, голын хөндий дагуух нутгаар хүйтний эрч чангарч байгаагаас бод, бог мал бэлчээрт гарч тайван идээшилж чадахгүй бээрч сулдах, доороосоо жиндэх, өтөг бууц хөлдөж МАА-н байдалд таагүй нөлөө үзүүлж байсан. 10 хоногийн сүүлээр хүйтний эрч бага зэрэг суларсан.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ арав хоногт Алтайн өвөр говийн сумдын нутгаар цас орсон . Бусад сумдын нутгаар цас ороогүй. Булган, Алтай, Үенч сумдад 1.3-4.4 мм цас орсон.
- Энэ 10 хоногт нийт нутгаар салхи шуурга багатай тогтуун байлаа.
- Мөнххайрхан, Дуут сумдын нутгаар цасан бүрхүүлгүй, бусад сумдын нутгаар 0-23 см зузаан цастай, Жаргалант, Чандмань, Цэцэг, Мөст, Дөргөн сумдын нутгаар 5-9 балл, бусад сумдын нутгаар жигд цасан бүрхүүлтэй байна.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын техникч Ж.Жаргалзаяа
2023 оны 2 дүгээр сарын 13-нд